Бээжингийн өвлийн Олимпыг бойкотлох уриалгыг АНУ-ын Олимпын хороо дэмжихгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-03-11 11:07:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Үндэсний Олимпын хороо 2022 оны Бээжингийн өвлийн Олимпыг бойкотлох уриалгыг дэмжихгүй байна. Энэ тухай тус хорооны тэргүүн Сьюзан Лайонс Колорадо-Спрингс хотод (Колорадо муж улс) болсон теле бага хурлын  үеэр мэдэгдэв.


“Хятад дахь хүний эрхийн байдлын талаар олон хүн санаа зовж байна. Мөн тус улсыг бойкотлохыг уриалж байна. Бид Хятадад болж буй үйл явдлыг хүний ​​эрхийн үүднээс дутуу үнэлэхийг хүсэхгүй байгаа боловч Олимпын наадмыг бойкотлохыг дэмжихгүй гэдгээ онцолмоор байна" гэж тэрбээр мэдэгджээ.


Өмнө нь Канад, Норвеги, АНУ-ын улстөрчид, мөн дэлхийн улс орнуудын хүний эрхийн 200 орчим байгууллагын төлөөлөгчид Бээжин угсаатны цөөнхийг хавчин гадуурхах бодлого явуулж байгаатай холбоотойгоор ирэх онд Хятад улсын зохион байгуулах өвлийн Олимпын наадмыг бойкотлохыг уриалсан юм.


Бээжингийн Олимпыг бойкотлох эсэхтэй холбоотой эцсийн шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хараахан гаргаагүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки урьд нь мэдэгджээ. Түүний хэлснээр, Байден "АНУ-ын Олимпын хорооноос зөвлөмж авах" бодолтой байгаа аж.


Олон улсын Олимпын хороо 2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон чуулганаараа 2022 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хотоор Бээжин хотыг сонгосон билээ. Өвлийн Олимпын XXIV наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд болно. 


Холбоотой мэдээ