Нийслэлд вакцинжуулалтын 44 цэг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-09 16:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын байнгын 21, түр 14, дүүргүүдийг оролцуулаад нийт 44 цэг ажиллаж байна. Эдгээр цэгт өнөөдөр 65 байгууллагын 13740 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. 

Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. 


Түүнчлэн бүх нийтийн вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдөр хуваарийн дагуу Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ), Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, тус газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны хүмүүст вакцин тарьж байна. Вакцинжуулалтын цэгүүдэд 44 багийн 357 хүн ажиллаж буйг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Энэ ташрамд мэдээлэхэд нийслэлийн дүүрэг бүрт вакцинжуулалтын 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаар төлөвлөөд байгаа юм. 


Холбоотой мэдээ