Финландад хатуу хязгаарлалт тогтооно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-03-08 11:52:43

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Финландад коронавирусний нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 8-наас эхлэн хорио цээрийн хатуу арга хэмжээ авахаар болжээ. Тус улсын Засгийн газраас мэдэгдсэнээр, хатуу хязгаарлалт гурван долоо хоног үргэлжилнэ.


Хатуу арга хэмжээний хүрээнд дунд болон ахлах сургуулийн сурагчдыг зайны сургалтад шилжүүлэх, 12-оос дээш насны хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээг цуцлах, ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Түүнчлэн ресторан, баар, кафе, шөнийн цэнгээний газруудыг хаахаар төлөвлөж байгаа боловч энэ тухай шийдвэрийг тус улсын парламент даваа гарагт батлах аж. Эдгээр болон бусад арга хэмжээ зөвхөн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа бүс нутгуудад хэрэгжинэ.


Финландад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэг хоногийн дотор 511-ээр нэмэгдэж, ням гаргийн байдлаар 62 063 болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш 767 хүн нас барсан байна. Коронавирусний шинжилгээг нийт 3 сая гаруй хүнд хийжээ. Түүнчлэн тус улсад коронавирусний шинэ хувилбараар халдварласан 1295 тохиолдол илэрсэн байна. “COVID-19”-ийн вакцины эхний тунг 500 мянга орчим хүн хийлгэжээ.


Холбоотой мэдээ