Бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний суулгалт өвчин ихэсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-04 15:00:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний суулгалт өвчин ихэсч байна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч А.Амартүвшин хэлж байна.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 42 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 25 хувийг суулгалт өвчин эзэлж байгаа аж. Эцэг эхчүүд хүүхдээ хүндэрсэн үед нь эмнэлэгт хандаж байна. Суулгалт голдуу усархаг байх боловч заримдаа цус хэлбэрээр гарах, бөөлжих, гэдсээр өвдөх, бие сулрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, халуурах, хөхөө хөхөхгүй дургүйцэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө. 

Мөн их хэмжээгээр шингэн алдсанаас усгүйжилд ороход ам цангах, шээсний гарц багасан өтгөрөх, хэл уруул омголтож хуурайших шинжүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрсэн 6 хүртэлх сартай хүүхдэд яаралтай шингэн нөхөх эмчилгээ хийхгүй бол хүндрэх аюултайг анхааруулж байлаа.

 

Холбоотой мэдээ