Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-03 23:01:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр” боловсруулжээ.


Хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцээд, зөвлөлийн гишүүн байгууллага буюу Монголбанк, СЗХ, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлагуудын энэ сарын нэгний хамтарсан тушаалаар баталлаа.


Санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, дэвшилтэт технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломжтой. Мөн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйлчилгээний зардал буурахын зэрэгцээ иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай хүртэх нөхцөл бүрдэх аж.


Санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь аж ахуй нэгж, байгууллагын бүтээмж болон орон нутаг, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог дээшлүүлэх бодлогын чухал хэрэгсэл болохыг СЗХ-ны цахим хуудаснаа тодотгожээ.


Статистик мэдээллээр, ижил түвшний хөгжилтэй улс оронтой харьцуулахад Монгол Улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмж өндөр гарчээ. Энэ нь арилжааны банканд данстай иргэдийн тоогоор хэмжигддэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгж банкнаас бусад санхүүгийн байгууллагаас хүртэх бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж сулыг илтгэж байна.

 

Холбоотой мэдээ