Манай улс ОХУ-ын "Спутник-V" вакциныг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-27 21:31:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний хэсэг 10 мянган тунг 2 дугаар сарын 27-нд манай улс хүлээн авав


Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор тээвэрлэн авчирсан тус вакциныг хүлээн авах ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. 



Монгол Улс “Спутник-V” вакциныг хүлээн авч буй дэлхийн 23 дахь орон болж байна. Одоогоор уг вакциныг дэлхийн 40 орчим орон бүртгэн авч, хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Тус вакцин нь "COVID-19" цар тахлын хүндрэлээс бүрэн хамгаалдаг бөгөөд анагаах ухааны нэр хүндтэй “Lancet” сэтгүүлд мэдээлснээр 92 хувийн үр дүн үзүүлж байгаа аж. 




Вакцин хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, “ЭМЯ вакцинаа төвлөрүүлж татан авахад анхаарч байна. Эмнэлгийн ажилтнуудаа энэ сарын 23-наас вакцинжуулж эхэлсэн. Шинжлэх ухааны дэвшилтэт технологийн үр дүнд гарган авч буй вакцинуудын нэг нь “Спутник-V“ юм. Манай улс 3 дугаар сард ард иргэдээ өргөн хүрээнд вакцинжуулна” гэлээ.


“Спутник-V” вакциныг хүлээлгэн өгсөн ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович хэлэхдээ, “ОХУ-ын хамгийн нэр хүндтэй Шинжлэх ухааны хүрээлэн боловсруулж гаргасан, сайн чанарын вакцин Монгол Улсад ирлээ. Маш их туршлага хуримтлуулсан, шинжлэх ухаан, технологийн ууган байгууллагын нэг энэ хүрээлэнгийн 130 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Энэ вакцины анхны нийлүүлэлт хийхэд Монгол Улсын “Эм импекс” корпорац ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцлоод монголчуудад эрүүл энхийг хүсэн ерөөв.


Монгол Улс одоогоор 150 мянган тун “АстраЗенека”, 300 мянган тун “Синофарм”, 10 мянган тун “Спутник-V” вакцин татан аваад байна.



Гэрэл зургуудыг Б.Чадраабал



Холбоотой мэдээ