Монгол үндэсний зоогийг аялал жуулчлалын брэнд болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 10:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Монголын Гастроном аялал жуулчлалын холбоо хамтран жуулчдад зориулсан Монгол үндэстний өглөөний унд, үдийн зоогийг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулав.


Дэлхийд тархсан цар тахлаас үүдэн аялал жуулчлалын урсгал зогсонги байдалд орсон энэ үеийг боломж болгон ашиглаж, бэлтгэл ажлаа хангах чиглэлд салбар яам анхаарч байгаа. Иймд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлын нэг нь гадны жуулчдад Монгол үндэсний уламжлалт өглөөний унд, зоогийг сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, дэлхийд таниулах явдал юм.


Танилцуулгад цагаан, улаан, ногоон, шар идээ, цай унд гэсэн 5 төрлийн 40 бүтээгдэхүүнийг Монгол үндэсний идээ, ундаагаар бэлтгэн, олон нийтэд  танилцуулжээ.



Энэ үеэр МГАЖХ-ны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан “Бид жуулчдад зориулсан Монголын уламжлалт зоогийн багцаа гаргахдаа хоолны аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн Азийн орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр 2 төрлийн багц нэвтрүүлж байна. Тодруулбал, жинхэнэ Монгол идээ ундаа буюу бидний өдөр тутам түгээмэл хэрэглэдэг үндэсний зоог болон гадаадын жуулчдад зориулан орчин үеийн технологиор Монгол үндэсний хоолыг талаамжтай байхаар хослуулан шинэ инновац хийсэнгэдгээ сонирхуулав.



Түүнчлэн, Монголын Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат “Гадаадын жуулчид тухайн орныхоо үндэсний зоог уламжлалтай танилцах сонирхол маш их байдаг. Бид Монголыг зорьж ирэх жуулчдад зориулсан Монгол үндэснийн өглөөний унд, үдийн зоогийн хэд хэдэн багц бэлдэж, өнөөдөр танилцуулж байна” гэлээ.


Цаашид аймаг, ястан үндэстэн болгоны онцлогт тохирсон, олон улсын зах зээлд Монгол үндэсний хоолны онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлчилгээний байгууллагад үе шаттай нэвтрүүлэхийг БОАЖЯ-ны цахим хуудаснаа нийтэлжээ. 



Холбоотой мэдээ