Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-24 11:41:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвартай нь батлагдсан хүнтэй ойр харилцсан хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, гэрт нь 7 хоног тусгаарлах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал хэвээр мөрдөгдөж байна.


Дээрх хугацаанд эхний болон 2 дахь шинжилгээ авахад коронавирустэй нь батлагдвал эмнэлэгт хүргэж тусгаарлах юм.


Түүнчлэн, коронавируст халдварын онош батлагдсан, эмнэл зүйн ижил шинж тэмдэгтэй, шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн өвчтөнийг дэлхийн бусад орны жишгээр нэг өрөөнд 4-6-гаар байлгаж байгаа аж.


“Халдвартай хүнтэй ойр харилцсан иргэдийг 14 хоног тусгаарлаад, гэрийн ажиглалтад байх хугацаанд 3 дахь шинжилгээг авна. ХӨСҮТ-д өвчтөнүүдийг ихэвчлэн дөрвөөр нь хэвтүүлж байгаа. Онош адил, ижил хугацаанд батлагдсан хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа”-г ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.


 ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай өвчтөнүүдийг эмчилж байна. Эдгээр гурван эмнэлэгт эмчилгээг стандартын дагуу буюу вирусний эсрэг, дархлаа сэргээх, архаг хууч өвчний эмчилгээ хийж байгаа бөгөөд хүндэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээ хийж байгааг тэрбээр дурдлаа.   

Холбоотой мэдээ