Цаасан хайрцгаар мал тэжээх туршлага санаанд багтамгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-24 12:50:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр ирэх гуравдугаар сарын агаарын дундаж температур аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас ч мөн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх ба олон жилийн дунджаар энэ сард ихэнхдээ 2–5 мм хүртэл хур тунадас ордог аж.

Өнгөрсөн зун бороо хур ховор байснаас бэлчээрийн хомсдолд орж, хэдийгээр зудын хэмжээнд хүрээгүй ч гэсэн өвөлжилт хүндэрч, зарим өдрүүдэд хэт хүйтэрсэн. 

Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд нь мал өвөлжиж, хаваржих боломжгүй хэмээн мэргэжлийн байгууллагаас дүгнэж,  нийт малчдын 30 орчим хувь нь бусад аймгийн нутагт болон аймаг дотроо отор нүүдэл хийж явна.

Гэхдээ аймагтаа өвөлжсөн малчдын хувьд малын хамар хатгах өвсгүй хэцүүхэн хавар болох төлөвтэй байгааг тэд хэлж байна.  

Тиймээс муудсан малаа тэжээхээс өөр аргагүй. Өнөөдөр өвс тэжээлийн хүрэлцээ бага, үнэ их байгаа нь малчдын хувьд тулгамдсан асуудал болж байна.

Цагийн хүндийг даван гарах ахмад, хашир малчдын туршлага арвин байдаг хэдий ч залуу малчид төдийлөн мэддэггүй тал бий.

Мерси Кор Олон улсын байгууллагаас хашир малчдын цагийн хүндийг даван туулсан туршлагыг цуглуулж эмхэтгэн  “Зудыг давсан зузаан туршлага” хэмээх номыг гаргасан байдаг. Уг эмхэтгэлд гарын доорх материал ашиглан гар тэжээл бэлтгэх арга, туршлагууд байдаг аж.

Тухайлбал, адууны халтар хомоол, малын сэвс, адууны элэг, өөх тос, малын цус, шар будаа, хужир, саримс, загасгал, махны шөл, цаасан хайрцаг зэрэг ахуйдаа байдаг, гарын доорх зүйлийг ашиглан малаа тэжээж онд оруулдаг байна.

Тэдгээр туршлагаас шар будааны агшаамал, цаасан хайрцгаар тэжээх зэрэг нь санаанд багтамгүй. Зарим нутагт 500 грамм адууны өөхийг адил хэмжээний ясны үнс, 50 грамм давс, 450 грамм шар будааны нунтагтай хольж зууран үрэл болгон төл малыг тэжээдэг ба 10 литр сүүнд хоёр кг шар будаа хийж, зөөлөн галаар буцалган агшааж гүйцсэний дараа сүүдэр газар хатаан нунтаглаж хуурай сүүний оронд хэрэглэдэг аж.

Цаг хүндэрсэн үед хивэгч мал өлдөж, гүзээний агуулагдахуун нь дундардгаас хэвлэг нь зогсож хорогдох нөхцөл үүсдэг байна. Тийм үед цаасан хайрцгийг жижиглэн ногооны хальстай хольж үхрээ тэжээхэд гүзээ нь дүүрэн байж, хивэгч мал өлддөггүй байна.

Энэ мэтчилэн олон туршлага манай ахмад буурлууд, хашир туршлагатай малчдад байдаг ажээ. 

Холбоотой мэдээ