ДЭМБ Гвинейд Эбола вирусний 11500 тун вакцин хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-23 15:47:25

КОНАКРИ. /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ хандивласан Эбола вирусний 11500 тун вакциныг даваа гаргийн орой хүлээн авлаа гэж Гвинейн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Энэхүү хандивын вакцины дийлэнхийг зүүн өмнөд нутгийн Нзерекоре мужийн оршин суугчдыг дархлаажуулахад хэрэглэхээр төлөвлөсөн байна.


Гвинейд даваа гаргийн байдлаар Эбола вирусээр халдварласан 17 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ. Мөн халдвар авсан хүмүүстэй ойр байсан 371 хүнийг эмнэлгийн хяналтад оруулжээ.


Нзерекоред Эбола вирусний халдвар тархаж, долоон хүн халдвар авснаас гурван хүн нас барсан талаар Гвинейн Эрүүл мэндийн яам хоёрдугаар сарын 14-нд албан ёсоор мэдэгдсэн юм.


2013-2016 онд Баруун Африкийн гурван орон Эбола вирусний халдварт нэрвэгдэж, 11 мянга гаруй хүн нас барсан бөгөөд тэдгээр гурван орны нэг нь Гвиней юм. 

Холбоотой мэдээ