Худалдааны салбарын нийт борлуулалтын 83,6 хувь нь Улаанбаатарт ногдож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-23 14:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22.0 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.6 (6,9 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.


Харин 2020 оны 12 дугаар сард 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.0 (61,7 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Өнгөрсөн оны эцэст худалдааны салбарын борлуулалтын орлогын 37,7 хувь нь бөөний, 62,3 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эцэст 13,7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 (8,1 хувь) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 436.2 (5,0 хувь) тэрбум төгрөгөөр багасав.


Худалдааны салбарын нийт борлуулалтын 83,6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эцэст 18.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.7 (8,4 хувь) их наяд төгрөгөөр багаслаа. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 939.9 (66,7 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

 

Холбоотой мэдээ