Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-23 11:27:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үүднээс нээлттэй ажлын байр зарлажээ.


Хүн амын эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнийн асуудалд оновчтой гарц, шийдлүүдийг нэвтрүүлэх зорилттой тус агентлаг нь бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан даруйд төрийн албанд ийнхүү шинэ жишгийг эхлүүллээ. Тус агентлагийн байр нь тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө зэрэг ажиллах тусгай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн байна.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны 222 дугаар тогтоолоор тус газрыг байгуулж, эм зүйн салбарт төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх болсон. Тус байгууллага төрийн албыг илүү хүртээмжтэй, нээлттэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжих үүднээс нээлттэй ажлын байранд урьж байгаа юм.


Манай улсад ойролцоогоор 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, гуравны нэг нь буюу 35 мянга гаруй нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэдний ажлын байр, халамж үйлчилгээ, сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдалт, нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон асуудал яригддаг. 


Ажилд орох хүсэлтэй иргэд 9923-6125 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ