Элчин сайд Б.Дорж итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-23 01:04:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Элчин сайд Б.Дорж тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 22-нд цахимаар өргөн барив. 



Тэрээр, Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Литвийн Ерөнхийлөгчийг тааламжтай хугацаандаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нь дамжуулав. 



Литвийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах хүсэлтэй буйгаа илэрхийлээд, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.



Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх,  цаашид улс төрийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, мэдээллийн технологи, зам тээвэр, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлуудаар талууд санал солилцов.

Холбоотой мэдээ