Бүх нийтээр хос бичигтэн болох ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-23 14:47:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг 2021 оноос бүх нийтээр хос бичигтэн болох зорилго тавин, аймгийн хэмжээнд үндэсний бичиг, соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 22-нд зохион байгууллаа.


Монгол үндэсний хэл, бичиг соёлоо сурч, судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх ажлыг шат шатны удирдлагуудад аймгийн Засаг даргын албан даалгавар хүргүүлж, 2021 оны 3 дугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэх ажээ. Тодруулбал, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягийг стандартын дагуу шинэчлэх, албан хэрэг хөтлөх хэвлэмэл хуудсыг хосолмол бичгээр хэвлүүлэх, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг байгууллага хамт олноороо "Монгол бичигтэн" болох ажлууд хийж эхлэх тухай нээлтийн үеэр танилцуулсан юм.

Алтайнхан үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг түүчээлэн хийж эхэллээ. Алтай нутгийн бичгийн нуруу тэгш, билгийн мэлмий тэнүүн байж, дэлхийн өвд бүртгэгдсэн бичиг соёлоороо гайхуулж, үндэсний бичгээ сурч, бусдыг уриалан манлайлах ажлын эхлэл ийнхүү тавигдлаа хэмээн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.


Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах шинэ шатанд хүрэх ёстой билээ.


Холбоотой мэдээ