Ховд аймгийн хэмжээнд 1 сая 330 мянга 578 толгой мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-22 15:49:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багийн 8000 орчим малчин өрхийн 3.292.6 мянган толгой мал хаваржиж байна.

Мал төллөлт зарим суманд эхэлсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэгдсэн дүн мэдээг албан ёсоор гаргаж, нийтэд танилцуулах аж.

Энэ жилийн тухайд Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 1 сая 330 мянга 578 толгой мал төллөхөөр байна.   

Энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 2819 толгой мал зүй бусаар хорогдсон. Энэ нь нийт мал сүргийн 0.9 хувийг эзэлж байна. 

Малын зүй бус хорогдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

Нийт суманд муудсан бог, бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна.

Сүүлийн үед харьцангуй дулаарч, зарим сумын нутаг дэвсгэрт цас хайлсан байна. Цасгүй газрын малчид малаа худаг болон голын харзнаас усалж байна.

Одоогийн байдлаар малчид хаваржааны бүс нутаг руу нүүдэл хийж эхэлсэн.

Өвөл цас бага орсонтой холбогдуулан ихэнх нутаг хуурайшилттай байгаа аж. Иймээс ургамлын гарц муу байх төлөв ажиглагдаж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо. 

 

Холбоотой мэдээ