Усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн төв Улиастай сумын дундуур урсах Богд, Чигэстэй гол ойрын өдрүүдэд үертэй байна. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж үерийн түвшнээс 68 см-ээс дээш давж аюулын хэмжээнд хүрээд байгаа талаар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Голын ус үерлэж аюулын түвшинд хүрсэн энэ үед аймгийн Онцгой комисс хуралдаж шаардлагатай арга хэмжээг авч байна. Тухайлбал үерийн ам дагуу байрлах айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай газруудад далан барих ажлыг үерийн ус татарсны дараа яаралтай эхлүүлэх, барих, иргэдэд үер уснаас сэрэмжлэх ухуулга сурталчилгаа хийх зэрэг ажлууд хийж байна.
Чигэстэй голын ус үргэлжлэн орсон борооны улмаас үерлэж голын эрэг дагуу байрлах Богдын гол багийн Хангамжийн хэсгийн гурван айл усанд автсаныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж нүүлгэн шилжүүлжээ. Мөн үеийн аман дахь гэртэй айлуудыг гэртэй нь, байшинтай айлуудын иргэдийг нүүлгэж байна.
Энэхүү Хангамжийн хэсэгт яг үерийн аман дээр 30 гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий.
Харин үерийн далан барьж эхлэх талаар өнөөдөр холбогдох газрууд хуралдаж байгаа аж.
Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын наймны өдөр Чигэстэй голын ашиглагдахаа больсон ногоочдын жижиг модон гүүрээр гарч байсан бага оврын трактор усанд суусан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу онцгой байдлын алба хаагч нар жолооч иргэн С-ийг усанд живэхээс аварч, харин тракторыг үер татарсны дараа гаргаж авахаар хүлээж байна.
Энэ үеэр Улиастай сумын цэвэр усны төв шугамын гурван тулгуур баганад хазайлт өгснийг засварлаад буй юм. Үерийн улмаас нэмж осол аваар гараагүй байна. Цаашид энэ зун бороо хур ихтэй, гол усны түвшин байнга нэмэгдэх төлөвтэй байгаа тул голын сав дагуу зусч буй айл өрхүүд, суурин газар үерийн далан аман дээр оршин суугаа иргэдийг анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Завхан Б.Мягмарсүрэн