Израилд дөрвөн сая хүн вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-17 14:05:27

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүний тоо дөрвөн саяд хүрлээ гэж тус улсын эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ.


“Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Йоэль Эдельштейн нар нийслэл Йерусалим хот дахь вакцинжуулалтын төвд ийнхүү мэдэгдсэн” гэж Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд дурдсан байна.


Б.Нетаньяху 50-аас дээш насны 570 мянга орчим хүн вакцин хийлгээгүй байгааг онцлоод, уг бүлгийн хүмүүст вакцинжуулалтад хамрагдахыг уриалжээ. Мөн Засгийн газар вакцин хийлгэсэн хүмүүсийн тоог нэмэгдүүлж, хэдийн хийлгэсэн хүмүүсийг урамшуулах үүднээс “ногоон паспорт” гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


“Вакцин хийлгэсэн хэн бүхэн театр, кинотеатр, зоогийн газраар үйлчлүүлж, хилийн чанад руу зорчих боломжтой болно” гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Израил “COVID-19”-ийн вакцинжуулалтын өргөн хүрээг хамарсан хөтөлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 20-ноос “Pfizer”-ийн вакцинаар эхлүүлсэн юм.

Холбоотой мэдээ