Зөвшөөрсөн байгууллагын ажилтнууд шинжилгээний бичигтэй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-15 12:14:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 5 хонож байна. Тэгвэл үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 төрлийн байгууллагын ажилчдаас өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 15-наас эхлэн хувийн машинаар болон нийтийн тээврээр зорчиход заавал PCR шинжилгээнд хамрагдсан байж ажилдаа явах шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьж байна.

Энэ талаар сэтгүүлчид өнөөдрийн шуурхай мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос лавлахад, тэрээр, “Энэ асуудлыг Шадар сайдаас гаргасан түр журмаар зохицуулж, мөрдөж байгаа. Бид тухайн байгууллагын ажилтнуудын 10-15 хувийг зорчуулах саналыг илэрхийлсэн. Иргэд шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. Энэ талаар үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 төрлийн байгууллага дотроо зохион байгуулж ажилтан, ажилчдаа зорчуулах боломжтой” гэсэн хариу өгөв.


ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан энэ тухайд мөн хэлэхдээ, төрийн ихэнх алба хаагчид шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний хариугаа авч явахгүй байгаатай холбоотой өнөөдөр замын хөдөлгөөнд дараалал үүсээд байна гэв.


Түүнчлэн, “Эрсдэлгүй хороодын иргэдийг шинжилгээнд хамруулахгүй байгаа нөхцөлд тухайн хорооны иргэн зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагын хүн байвал яаж зорчих”, мөн өрх бүрээс нэг хүн л шинжилгээнд хамрагдаж буй нөхцөлд өрхийн бусад гишүүн зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагын хүн байвал мөн яаж зорчих, PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор 3 өдөрт хүчинтэй байдаг тул үлдэж буй 7 хоногийн хугацаанд төрийн байгууллагын ажилтнууд хоёр удаа шинжилгээ өгөх шаардлагатай юу?” гэдгийг сэтгүүлчид тодруулж асуусан юм.

Үүнд, Эрүүл мэндийн сайд хариулахдаа, "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ажиллах зөвшөөрөл бүхий 14 байгууллагын ажилчид нийслэлийн 6 дүүргийн 17 цэгт PCR шинжилгээ өгөх боломжтой" гэсэн хариултыг өгсөн юм.


Мөн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ тухайд тодотгохдоо, "PCR шинжилгээ 72 цагийн хугацаанд хүчинтэй гэж байгаа нь коронавирусний нууц үеийн хугацаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийлгээд 72 цагаас илүү хугацаанд явж байхдаа тухайн иргэн магадгүй нууц үеийн хугацаандаа байж мэдэх учир тэр эрсдэлийг тооцож байгаа юм. Халдвартай хүн, халдваргүй хүнээ ялгаж авах гэж "Нэг хаалга нэг шинжилгээ"-г нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Шинжилгээ хийлгээгүй хүн хөдөлгөөнд оролцох нь энэ том арга хэмжээнд сөргөөр нөлөөлнө гэж үзэн 72 цагийн хугацаанд шинжилгээ хийлгэх шаардлагыг тавьж байгаа" гэсэн юм.


Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагууд:

  • Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /"УБТЗ" ХНН, "Чингис хаан", ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  • УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  • Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  • Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  • Банкны цахим болон автомат тооцооны машин
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  • Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа.
Холбоотой мэдээ