Нийслэлийнхэн хөл хорионы дэглэмийг чанд баримталж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд коронавируст цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосны үр дүнд өнгөрсөн 3 хоногт Улаанбаатарын түүхэнд анх удаа авто замын хөдөлгөөн 90-ээс дээш хувиар зогссон байна.
Онцлон дурдахад, нийслэлийн иргэд нийтээрээ НОК-ынхоо шийдвэрийг чанд баримталж байна. Улаанбаатар хотод жирийн өдрүүдэд 450 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог бол өнөөдрийн байдлаар зөвшөөрөгдсөн салбарын 9 мянга орчим автомашин буюу нийт хөдөлгөөний 2-4 хувь нь буюу зайлшгүй шаардлагатай ажиллах салбарын иргэд л зорчиж байгаа юм.
Хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилчдаас хэвлэл мэдээлэл, хүнсний түгээлтийн жолооч нараас шинжилгээний бичиг шаардахгүй байгаа. Харин иргэд өөрийн оршин суух дүүрэг, хорооныхоо хүнсний дэлгүүрээр болон супер маркетаар чөлөөтөй үйлчлүүлж байгаа ч иргэд олноор бөөгнөрөхгүй НОК-ын шийдвэрийг хүндэтгэж, халдвараас урьдчилан сэргийлж маскаа зүүж, зайгаа барьж байна.
Мөн энэ өдрүүдэд “Нэг өрх-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хуваарийн дагуу амжилттай явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 109 мянга гаруй өрх хамрагдаад байна.
Нийслэлд өдөртөө ээлжээр 9-10 мянга орчим төрийн алба хаагч хөл хориог нийслэлийн иргэдэд сахиулан мөрдүүлж байна. НОК-ын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд ирж буй дуудлагын дийлэнхийг “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага эзэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ч цөөнгүй дуудлага ирж байгаа аж.