Буриадад халдварын тохиолдол 103-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-11 16:37:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар коронавирусний халдвартай 103 тохиолдлыг бүртгээд байна. Ингэснээр тус улсад халдвар илэрсэн нийт тоо 31869 болж байна.

Үүнээс Улаан-Үд хотод 36 хүн халдвар авснаар нийт бүртгэгдсэн тохиолдол 16879 болов. Өчигдрийн байдлаар, 138 хүн эмчлэгдсэнээр эдгэрч эмнэлгээс гарсан хүн нийт 29324 болов. Тус улсад коронавирусний халдварын тархалт эхэлснээс хойш 685 хүн энэ өвчнөөр эндээд байна.


Тус улсад хэдий хөл хориотой байгаа ч Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 3 дугаар сарын 10-15-нд зохион явуулахаар төлөвлөжээ. Тиймээс Буриад улсад дотроо төдийгүй ОХУ-ын бусад бүс нутаг, хотоос ирэх иргэдийг вакцинжуулах ажиллагааг идэвхжүүлж байна. 


Энэ ташрамд мэдээлэхэд "COVID-19"-ийн халдварыг эсрэг ОХУ-ын гаргасан "Спутник" вакциныг Беларусь, Аргентин, Болив, Серб, Алжир, Палестин, Венесуэл, Парагвай, Туркмен, Унгар, Арабын нэгдсэн Эмират улс, Иран, Монгол, Гвиней, Тунис, Армени, Мексик, Никарагуа, Ливан, Мьянмар зэрэг дэлхийн 20 улс бүртгээд байна. 


Холбоотой мэдээ