“Нийгмийн түншлэл” цахим уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн түншлэгч талуудыг оролцуулсан тус уулзалтад үндэсний болон орон нутгийн түвшний төлөөлөгчид оролцож тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Тус уулзалтад Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХНХЯ, Аймаг нийслэлийн Засаг дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Аймаг нийслэлийн АОЭХ, МҮЭХ-ны төлөөллүүд оролцжээ.
Цахим уулзалтаар улсын болон орон нутгийн хэмжээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 2024 он хүртэл авч хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд санал солилцох цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний хорооны дарга А.Ариунзаяа “Засгийн газраас 2024 он хүртэл хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавсан бол МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Нийгмийн түншлэлийн өнөөгийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэж санал солилцжээ.
Мөн МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал илтгэл тавьжээ. Мөн Орхон, Баянхонгор, Ховд аймгийн ҮЭХ-ны төлөөллүүд санал хэлж асуулт, хариултаар үргэлжилсэн байна.
Цахим
уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ
хамтран зохион байгуулсан юм.