Аймгийн аварга малчин, тариаланчдад шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-08 10:15:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал Жаргалант сумын Ямаат багийн нутагт өвөлжиж буй малчин өрх Ж.Цэрэндашийнд зочлон “Аймгийн аварга малчин”-ы шагналыг гардууллаа. 

Ж.Цэрэндашийнх ам бүл зургуулаа. Тэрээр мал маллахын зэрэгцээ гэртээ бичил үйлдвэрлэл эрхлэн, суран эдлэл хийж зах зээлд нийлүүлдэг. Түүнчлэн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлдэг байна. Ж.Цэрэндаш хэлэхдээ, “Малын тоонд бус чанарт анхаарч, мал маллах арга ухаанаа үр хүүхдэдээ өвлүүлнэ” хэмээн ярьж байлаа. 

Засаг дарга С.Батжаргал аймгийн аварга малчны шагналыг гардуулсны дараа аймгийн аварга тариаланчаар шалгарсан Жаргалант сумын “Талын нуур” ХХК-ийн ногоочин С.Сайнбилэгийнд зочилж шагналыг нь мөн гардууллаа.

С.Сайнбилэг нь 2004 оноос эхлэн ногоо тарьж байгаа бөгөөд өрхийн хэрэгцээнд хүлэмжийн аж ахуй эрхэлж, элдэв химийн найрлага, генийн өөрчлөлтгүй эрт ургацын хүнсний ногоо тарьж, аймгийнхаа дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байна. 

Хулгана жилийн “Аймгийн аварга малчин”-аар Баян-Өндөр сумын малчин Ж.Цэрэндаш, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин С.Чимэддорж, Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Б.Ноённуруу, “Аймгийн аварга тариаланч” -аар Жаргалант сумын “Талын нуур” ХХК-ийн ногоочин С.Сайнбилэг “Орхон тариа” ХХК-ийн трактор, комбайны жолооч Х.Батсүх, Баян-Өндөр сумын Рашаант багийн тариаланч Б.Нармандах нар шалгарлаа. 

Холбоотой мэдээ