Мал хулгайлах гэмт хэргийн арга нарийсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-08 11:38:47

Өнгөрсөн сарын байдлаар малын хулгайн гэмт хэргийн 30 тохиолдол Хэнтий аймгийн хэмжээнд бүртгэгджээ.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын шуурхай ажлын үр дүнд Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс өнгөрсөн сард гурван тооны үхэр хулгайлагдсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт суманд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй О, Э, Ө, М, Н нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн шалгаж эхэллээ.

Шалгалтын явцад гэмт этгээдүүдийн олонх нь Хэнтий аймагт оршин сууж байгаад Багануур дүүрэг рүү шилжсэн боловч эргэж нутаг орноосоо хулгай хийсэн, туулах чадвар сайтай УАЗ-Фургон, УАЗ-469 маркийн автомашинаар явж малыг бэлчээрт буудаж ажиллан, толгой, шийр, сэвснээс бусдыг нь авч явж Багануур дүүрэгт худалдаж борлуулсан, мөн 2015 оны 07 дугаар сард Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын нутгаас хоёр тооны үхрийг мөн ижил аргаар хулгайлсан болохыг тогтоожээ.

Энэ хэргүүд нь өвс ногоо муу үед мал нь бэлчээр дагаж хол бэлчиж байгааг малчид мэдсээр байж хараа хяналтгүй, хариулга маллагаагүй удаан хугацаагаар орхидог, энэ нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдүүдэд боломжийг бий болгодгоос шалтгаалан үйлдэгдсэн байна.

Иймд малчдыг малаа байнгын хариулга маллагаатай байлгахыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

 

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ