Америкийн цэргийг Германаас гаргах үйл явцыг түр зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-04 09:57:07

ВАШИНГТОН. /Stars and Stripes/. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсын цэргийг Германаас гаргах үйл явцыг түр зогсоолоо. 


АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлалын дарга Тод Уолтерсын мэдээлснээр, Цагаан ордны өмнө засаг захиргааны санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байсан Америкийн цэргүүдийг Германаас гаргах үйл явцыг одоогоор зогсоосон байна. "Шинэ засаг захиргаа эхнээс нь дуустал нарийвчлан шалгах шаардлагатай байгааг мэдэгдсэн" гэж тэрбээр хэлжээ.


Уолтерсын хэлснээр, АНУ-ын Батлан​​ хамгаалахын шинэ сайд Ллойд Остин өмнөх засаг захиргааны шийдвэрийг дахин авч үзэх аж.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Германд Америкийн цэргүүд хэтэрхий олон байгаа бөгөөд Берлин өөрийн батлан ​​хамгаалах салбарт хангалттай хөрөнгө оруулахгүй байна гэж мэдэгдэж, Герман дахь Америкийн цэргийн оролцоог багасгах төлөвлөгөө боловсруулахыг Пентагонд үүрэг болгосон юм.


Германаас 11900 цэргээ гаргахаар болсныг АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Марк Эспер 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдэж байснаар, цэргүүдийн 6400 орчим нь эх орондоо эргэж ирэх байсан бол 5600 орчмыг нь Итали, Бельги руу шилжүүлэн байрлуулж, 25 мянган америк цэрэг, офицер Германд үлдэх байв.


Холбоотой мэдээ