Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа хүлээгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-02 13:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээл биржийнхээс гадна биржийн бус зах зээлийн үйл ажиллагаатай болж байна. 

Тодруулбал, оны өмнө СЗХ “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Ингэснээр манай улс мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай болж байна. Улмаар олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. Уг үйл ажиллагааг энэ оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч "COVID-19"-ийн цар тахлын хөл хориотой холбоотойгоор хөрөнгийн зах зээл дэх шинэ үйл ажиллагааг хойшлуулахад хүрчээ. 


Биржийн бус зах зээлийн арилжаа гэдэг нь үнэт цаасны зах зээл дээр бага хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хурдан татахад зориулсан хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа гэж ерөнхийд нь ойлгож болно. Тодруулж хэлбэл, биржийн бус зах зээл нь биржийнхийг бодвол хөрөнгө оруулалтыг шуурхай татах боломжийг олгодог. Ийн учир хөрөнгийн зах зээлд бүрдүүлэх материал, шалгуур бага, энэ талын хяналт шалгалт цөөн байдаг давуу талтай. Энэ бүр эрсдлийг зохицуулагч байгууллагууд бус, хөрөнгө оруулагч өөрөө хянаж үүрдэгээр онцлогтой. Нэг ёсондоо энэхүү зах зээлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын эрсдлээ тооцох чадвартай мэргэжлийнхэн оролцдог байна. 


Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нь заавал хөрөнгийн бирж гэхгүйгээр түүнийг алгасч хийж болох үнэт цаасны худалдаа юм. 


Хоёр тэрбум төгрөг, түүнээс бага хэмжээний, жилийн хугацаатай хөрөнгө оруулалт шаардлагатай ААН, байгууллага мэргэжлийн хөрөнгө оруулагчдын туслалцаатайгаар биржийн бус зах зээл рүү хандах хүлээлт байгааг Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдэгдэж байна. 

СЗХ-ноос баталсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-аар биржийн бус зах зээлийг үйл ажиллагааг дээрх мэргэжлийн холбоо удирдан зохион байгуулах үүргийг хүлээгээд байгаа юм. Харин Үнэт цаасны зах зээлийн хуулиар биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах эрхийг СЗХ-нд олгожээ. 


Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлснээр нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдэнэ. Мөн зах зээлийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байдаггүй, эрсдэл даах чадвар сул, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ