Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-02 11:46:10

Ховд /МОНЦАМЭ/. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөлд Ховд аймгийн 17 сум хамрагдана.

Өнгөрсөн оноос эхлэн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) дамжуулан БОАЖЯ-наас “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг хэрэгжүүлж буй.

Зургаан жилийн хугацаанд нийт 32.5 сая евро буюу 90 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжих тус төсөлд Ховд аймгийн 17 сум хамрагдаж байгаагаараа онцлогтой.

Тус төслийн хүрээнд 2021 онд хийх ажлын талаар өнөөдөр хэлэлцлээ. Энэ удаагийн цахим хуралд аймгийн удирдлага, холбогдох албаны төлөөлөл, төслийн техникийн дэд зөвлөх, доктор П.Галрагчаа, зөвлөх доктор Г.Гансүх оролцож, харилцан санал солилцов.

Төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж буй.

Иймээс тус төслийн хүрээнд эхний ээлжинд Ховд аймагт хэд хэдэн томоохон ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын сурталчилгаа, мэдээллийн төвийг байгуулах аж. Мөн говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны \оффис\ барилгыг Алтай суманд барих юм. Түүнчлэн Эрдэнэбүрэн суманд Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын бүсийн ажлын байр \оффис\ барих, тусгай хамгаалалттай газрын нөөц, нийгэм, эдийн засгийн, ойн зэрэг суурь судалгаа хийх, салбарын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр иргэдээс авсан судалгаанд үндэслэн баталсан чиглэлийн дагуу холбогдох ажлыг эхлүүлэх зэрэг нэлээд ажлыг төлөвлөсөн гэж албаны эх сурвалж онцоллоо.  

 

Холбоотой мэдээ