Д.Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-02 11:35:16

ХЕЛЬСИНКИ. /RT/. Европын парламентад сонгогдсон Эстонийн улстөрч Яак Мадисон АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.


Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа дайн эхлүүлээгүй сүүлийн 30 жил дэх АНУ-ын анхны Ерөнхийлөгч учраас түүнийг нэр дэвшүүлсэн гэж Эстонийн Консерватив ардын намыг төлөөлж буй улс төрч тайлбарласан байна.


“Үүнээс гадна, түүний удирдлага дор Ойрхи Дорнодын бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг хангахад тус дөхөм болсон олон хэлэлцээрт гарын үсэг зурсан. Нобелийн Энх тайвны шагналыг хэн авахыг харцгаая” гэж Мадисон фэйсбүүк хуудсандаа бичжээ.


Тэрбээр мөн Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн цорын ганц хүн биш гэдгээ онцлоод өргөдөл гаргагч олон байх тусам амжилтад хүрэх магадлал өндөр хэмээн тэмдэглэсэн байна.


Нобелийн Энх тайвны шагналыг 1901 оноос хойш жил бүр олгож байгаа билээ. Нобелийн сангийн дүрмийн дагуу улс орнуудын парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын шүүх байгууллагуудын гишүүд, их сургуулиудын ректорууд, Норвегийн Нобелийн хорооны одоогийн болон хуучин гишүүд, зөвлөхүүд уг шагналд нэр дэвшүүлэх эрхтэй байна.

Холбоотой мэдээ