Зэрлэг ан амьтны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-01 17:29:19

Ховд /МОНЦАМЭ/. Мянган угалзат уул нь Ховд аймгийн Цэцэг сумын нутагт оршдог.

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүс нутагт өнгөрсөн зун хур бороо бага орсон, өвс ургамлын гарц тааруу байжээ. Иймээс цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан тус газарт зэрлэг ан амьтны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. 

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уулын туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээ авахаар төлөвлөж, энэ жил 300 боодол борог өвс худалдан авч нөөцөлсөн байна.

Улмаар уулын туруутан болон өвсөн тэжээлтэн зэрлэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчин, хөдлөл зүй, биотехникийн арга хэмжээ авах газар нутгийг тогтоох судалгаа хийжээ.  

Тус судалгааны үр дүнд тухайн бүс нутагт 2-5 см цасан бүрхүүл тогтсон ба өвсөн тэжээлтэн амьтад идэш тэжээлийн хомсдолд орох, байршил нутгаасаа шилжин нүүдэллэх үзэгдэл ажиглагдсан.

Шалтгаан нь өвс ургамлын гарц муу байсан, салхи гараагүй учраас цасан дээр өвс харагдахгүй болсон байна. Тус судалгааг үндэслэн өвсөн тэжээлтэн зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авах цэгүүдийг тогтоож, яаралтай өвс, хужир шүү тавих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

                        Зэрлэг амьтдад зориулж нийт 12 цэгт 182 боодол өвс, 10 цэгт 3 тонн хужир шүү тавьжээ

Тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар нөөцөлсөн өвснөөс 2021 оны нэгдүгээр сарын 08-нд Цахир хамар гэх газрын хоёр цэгт 20 боодол өвс тавьж, үр дүнг баталгаажуулах зорилгоор гурван ширхэг автомат камер байршуулсан аж.

Мөн байгаль хамгаалагчид энэ оны нэгдүгээр сарын 19, 20-нд тус цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Босгын налаг, Сөртийн эхэн гэх хоёр цэгт 52 боодол өвс тавьжээ.  

Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Ар булаг, Буга боодог, Урд завсарын эхэн зэрэг дөрвөн цэгт 50 боодол өвс тавьж, уулын туруутан амьтдад биотехникийн арга хэмжээ авлаа.

Алтайн нүүдэлчид ТББ-ын дэмжлэгтэйгээр Булган-Үзүүр рашаант нөхөрлөлийн гишүүд энэ оны нэгдүгээр сарын 27-нд тус цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Нүцгэний цагаан салаа, Хойд ангилагт гэх газарт хоёр цэгт 40 боодол өвс тавив. Мөн Харнууд олон худаг гэх газрын худгийн агнуурын бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 11-нд хоёр цэгт 20 боодол өвс тавьж, биотехникийн арга хэмжээ авчээ.

Үүнээс гадна тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдөр уулын туруутан зэрлэг амьтдын гол байршил нутаг болох Балгатай, Нүцгэн, Цахир хамар, Хөх хөндий, Буга боодог, Сөрт, Нарийн салаа, Мараат, Хөх Бэлчир, Бунхан, Асгат зэрэг газрын тодорхой 10 цэгт  3 тонн хужир шүү тараан тавьсан аж. 

Ийнхүү одоогийн байдлаар нийт 12 цэгт 182 боодол өвс тавьсан. Мөн 10 цэгт 3 тонн хужир шүү тавьсан ба цаашид нөөцөлсөн өвснөөс дахин өвс, хужир шүү тавих замаар биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

                                      Монгол бөхөнд бэлчээр, өвсний асуудал үүсэх магадлалтай 

Одоогоор Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Ховд аймгийн Дарви гэсэн гурван сумын нутагт 291 өрхийн 283 мянган мал отроор өвөлжиж буй гэх судалгаа байна. Гэвч бэлчээрийн хүрэлцээтэй нөөц дуусаж, отрын мал хорогдож эхэлсэн аж. Тус гурван сумын нутаг нь монгол бөхөн голлон амьдардаг томоохон бүс юм. Иймээс Монгол бөхөнгийн хувьд ч бэлчээр, өвсний асуудал үүсэж байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ