Аймгийн Засаг дарга А.Ишдорж бизнес эрхлэгчдэд шаардлага тавилаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-01 22:27:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж төв захын болон дэлгүүрийн эзэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, хоёр сарын өмнө тавьсан шаардлагаа санууллаа.

Тодруулбал, тэрбээр өнгөрөгч оны 12 дугаар сарын 1-нд төв захын үйл ажиллагааг нээхийн өмнө бизнес эрхлэгчидтэй уулзаж, үйлчлүүлэгчдэдээ хяналт тавих, амны хаалтыг зүүлгэж, гарыг ариутгах, зай бариулах, байгууллагаа камержуулж, нэг сараас дээш хугацаанд бичлэгийг хадгалах шаардлагыг тавьж байсан юм.

 

Гэтэл сүүлийн өдрүүдэд сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан төв захын хөдөлгөөн эрс нэмэгдэж, халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөхөд хүрээд байна. Тиймээс өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй дахин уулзалт хийж, халдварын тархалт, аймаг орон нутгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.

 

Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг хянахад мэргэжлийн анги, байгууллагын хүч хүрэхгүй байгаа тул худалдааны төвийн эзэд, бизнес эрхлэгчдийн хүч оролцоо чухал байгааг онцлов. Хэн нэгэн хүний хариуцлагагүй үйлдлээс болж халдвар тархвал аймгаараа хүнд байдалд орж, бүх төрлийн үйл ажиллагаа хаагдаж, үүнээс шалтгаалан орлогын түвшин буурах, ажилгүйдэл нэмэгдэх гэхчлэн олон сөрөг үзэгдэл бий болохыг сануулсан юм.

 

Тийм учраас худалдааны цэг бүрийг үүдэндээ хяналт тавих ажилтны орон тоо гаргаж, үйллчүүлэгч бүрт ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм сахиулахыг шаарддаг байх үүрэг өглөө. Захирамж, шийдвэрийг зөрчсөн худалдааны цэгт нэг сая төгрөгийн торгууль оногдуулна гэдгийг мэдэгдэв.

 

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварыг оруулж ирэхгүй байх нь Онцгой комисс, төрийн байгууллагын ажил үүрэг гэхээс илүү хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Иргэд хоорондоо зайгаа барьж, хөдөлгөөнөө хязгаарлан, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг чанд мөрдвөл халдвар орж ирэхгүй, хэрэв халдвар тархахгүй, тайван байдлаа хадгалж чадвал зах, худалдаа, үйлчилгээний байгууллагыг хааж хорих гээд байх шаардлагагүй гэдгийг аймгийн Засаг дарга онцлон анхаарууллаа.

 

Уулзалтын үеэр аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ЗӨСТ-өөс мэдээлэл хийж, уриалга дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ