Туул голын томоохон судалгааг олон улсын сэтгүүлд нийтэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-01-29 15:08:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их сургуулийн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудын эрдэмтэн, судлаачид Туул голын талаар томоохон судалгааг хийсэн байна.


Энэхүү "Туул голын сав газар дахь газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлж буй экогидрологийн үйл явцын харилцан хамаарлын судалгаа"-г  БНХАУ-ын судлаачидтай хамтран гүйцэтгэж, судалгааныхаа ажлын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны мэдээллийн сан /Web of Science/–д бүртгэлтэй “Sustainability” /IF-2.576/ сэтгүүлд хэвлүүлсэн байна.



Ташрамд дуулгахад, Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтий уулын ар, өврөөс эх авах Номин, Нэргүй голын бэлчирээс Туул нэрийг авч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ мөрөнтэй нийлж, улмаар ОХУ-ын нутаг дэвсгэрт Байгаль нуурт цутгана. Туул голын ус хурах талбай нь 49’774.4 км квадрат, голын нийт урт 717 км. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамаарна.


Байгалийн бүс, бүслүүрийн хувьд эхэн хэсэгтээ уулын тайгын бүс, ойт хээрийн бүсийг дамнан, Улаанбаатар хотоос доош хээрийн бүсээр урсдаг ба Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Заамар, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум зэрэг нийт 10 сум, Улаанбаатар хотын 4 дүүргийн / Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул / нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг.Туул голын сав газарт Нийслэл хотын төвийн 7 дүүрэг, Төв аймгийн Зуунмод хот болон Архангай аймгийн 1, Булган аймгийн 5, Өвөрхангай аймгийн 1, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 11 нийт 20 сумын төв ордог.



Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, монгол орны хувьд хамгийн их бохирдолтой голын тоонд орох болсон.


Жилээс жилд нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсацын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй, энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нь улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Туул голын усны нөөц, бохирдлын талаар цөөнгүй судалгаа хийгдсэн боловч сав газрын хэмжээнд төлөв байдлын нэгдсэн, цэгцтэй үнэлгээ гараагүй байсан бөгөөд 2019 онд гаргасан Үнэлгээний карт уг асуудлуудыг шийдвэрлэхэд суурь мэдээлэл болж байсан юм.

 

Холбоотой мэдээ