Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлаар семинар зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-28 17:35:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-аас боловсруулсан “Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын гол зах зээлийн шинжилгээ”-ний дүнг танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох семинарыг энэ сарын 28-29-нд цахимаар зохион байгуулж байна.


Энэ шинжилгээг НҮБ-ын ХХБХ-тай хамтран 2018-2020 онд хэрэгжүүлсэн “Далайд гарцгүй түүхий эдээс хамаарал бүхий хөгжиж байгаа орнуудыг бүсийн болон дэлхийн өртгийн сүлжээнд нэгтгэх” төслийн хүрээнд Монголын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт мөн экспортын гол 5 (БНХАУ, ОХУ, Япон, Вьетнам, Казахстан) зах зээлийн онцлог, импортын шаардлага, үнэ тариф, тээвэр, хэрэглээний чиг хандлага, хэрэглэгчдийн зан төлөв, мах, махан бүтээгдэхүүний чиглэлийн томоохон үзэсгэлэн, үйл ажиллагааг судалсны үндсэн дээр боловсруулжээ.


ГХЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХБХ хамтран зохион байгуулсан семинарт МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, хилийн чанад дахь ДТГ-ууд, МҮХАҮТ, Монголын махны холбоо болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдоос гадна НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.


Семинарын төгсгөлд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллөөс гаргасан санал, зөвлөмжид үндэслэн махны экспортыг хөгжүүлэх зураглал гаргах юм.

 

 

Холбоотой мэдээ