“AstraZeneca” вакцины үйлдвэрлэл хугацаанаас хоцорч байгааг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-27 15:17:58

МОСКВА. /RIA Novosti/. Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины үйлдвэрлэл хоёр сараар хоцорч байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Паскаль Сорио мэдээлжээ.


“Үйлдвэрлэлийн хувьд бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бидэнд Европ тивд Нидерланд, Бельгийн үйлдвэрүүдэд вакцины гол найрлагыг үйлдвэрлэхэд саад бэрхшээл тулгарсаар байна" гэж тэрбээр Европын найман хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна. 


Түүний хэлснээр, компанийн удирдлага шалтгааныг тодруулсан боловч вакцины үйлдвэрлэл хоёр сараар хоцорч байгаа аж. 


Их Британид тархсан коронавирусний шинэ хувилбарын эсрэг "Pfizer" "AstraZeneca" компаниудын гарган авсан вакцинууд үр дүнтэй байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон урьд нь мэдэгдсэн юм.


“AstraZeneca” компани Европын Холбооны /ЕХ/ орнуудад нийлүүлэх “COVID-19”-ийн вакциныхаа хэмжээг бууруулж байгаагаа Европын Комисст өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн. Европын Комисс “AstraZeneca” компаниас тодруулга хүсэж, вакцинаа тохиролцсон хуваарийн дагуу нийлүүлэх нь чухал болохыг мэдэгджээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, “AstraZeneca” нийлүүлэлтийн хэмжээг 60 хувиар бууруулсан байна.

 

Тус компани Европын Комисстой байгуулсан урьдчилсан захиалгын гэрээний дагуу гуравдугаар сарын эцэс хүртэл 80 сая тун вакцин нийлүүлэх ёстой байжээ.


 


Холбоотой мэдээ