Буриадад вакцин хийх 32 цэг нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-26 17:45:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад "COVID-19"-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын 32 цэг нээгээд байна. Халдварын эсрэг вакцинжуулалт эрчимжиж, бүс нутгуудад вакцин хийх цэгүүдийг ийнхүү нэмж байгаа нь энэ сарын 18-наас ОХУ-ын бүх бүс нутагт хүссэн хүн бүрийг хамруулах вакцинжуулалт эхэлсэнтэй холбож байна. 


Вакцинжуулалтын цэгийг Буриадад нийслэл Улаан-Үдийн поликлиникийн нэгдсэн эмнэлэг болон районы төв эмнэлгүүдийн дэргэд нээжээ. Ингэхдээ алслагдан суурингуудад ажиллах үүрэн телефон утасны 18 төвийг нээж, 36 баг ажиллаж байна. Вакцин хадаглах эмнэлгийн зориулалттай 36 хөргөгч ажиллуулж, районуудын эмнэлгийн байгууллагад хүргэх тээвэрлэлт зэрэгт 1.7 сая рубль гаргаад байна. 


Буриадад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулсан бол дараагийн ээлжинд боловсролын байгууллагын ажилтнууд, нийгмийн үйлчилгээнийхнийг хамруулах аж. Мөн нийтийн тээвэр, эрчим хүч, цэргийн алба хаагчид орж байна. 

Тус улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар "COVID-19"-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдол 146 хүнээр нэмэгдэж, нийт 29.665 хүн болоод байна. Энэ нь өмнөх өдрөөс нэг тохиолдлоор цөөрчээ. Нийслэл Улаан-Үд хотод 79 тохиолдол нэмж бүртгэгдэн халдвар авсан хүний тоо нийт 15.857 болоод байна. Энэ нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурчээ. 


Буриадад халдвараас эмчлэгдсэн хүний тоо 26.983 болж, өчигдөр 111 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. Харин 1 хүн халдвараар нас барж, нийт энэ өвчнөөр 650 хүн эндээд байна. 


Холбоотой мэдээ