Нүүрс олборлолтын хэмжээ 76,0 мянган тонноор өслөө

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 18:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шивээ-Овоо” уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76,0 мян.тн, хөрс хуулалт 330,0 мян.м3-ээр өслөө.


Энэ нь Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг ирэх 7 дугаар сарын нэгэн хүртэл төрөөс төлөх шийдвэр гаргаснаар эрчим хүчний болон Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой юм.  


Өвлийн оргил ачааллын үед нүүрс олборлолт, борлуулалт, нийлүүлэлт нэмэх зайлшгүй шаардлага үүссэнийг тус уурхай хүндрэлгүй давах, зохих арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулснаар нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны 11 дүгээр сард 111,6 хувь, 12 дугаар сард 113,5хувь, энэ оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар 101 хувийн гүйцэтгэлтэй байв.


Үүнд Засгийн газрын дэмжлэгээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр өнгөрсөн онд техник шинэчлэл хийсэн нь нөлөөлжээ. KOMATSU брэндийн өндөр бүтээмжийн технологитой 5 автомашин, нэг гидроэкскаватор ажиллуулж, төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээг тасралтгүй хангаж байна.

 

Холбоотой мэдээ