Манлайллын ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-25 18:19:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академи, АНУ-ын Харвардын Бизнесийн сургууль хамтран бизнесийн шинэ үеийн бэлтгэх зорилгоор манлайллын ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.


Эхний хөтөлбөр болох “Харвард Мэнэж Мэнтер” хөтөлбөрийг ирэх сарын 1-нд эхлүүлэхээр оролцогчдыг бүртгэж эхэлсэн байна. Тус хөтөлбөр нь хувь хүнд бусдыг болон бизнесээ удирдах арга ухаан, ур чадварт суралцах боломжийг олгодог байна.


Харвардын Бизнесийн сургуулийн профессоруудын боловсруулсан шилдэг хөтөлбөрийг эх хэлээрээ сурах давуу талтай уг хөтөлбөр үндсэн гурав, 41 нэгж хэсэгтэй. Цахим болон танхимын хосолсон сургалтын загвартай тус хөтөлбөрт оролцогчид Walmart, Netflix, Apple, Amazon, Walt Disney, Nike, Tesla зэрэг дэлхийн томоохон компанийн бодит жишээн дээр ажиллах аж.

Хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр дүн шинжилгээ хийх ур чадварт суралцах төдийгүй шинэ үеийн технологийн талаарх ойлголт нэмэгдэж, бизнесийн салбарын чиг урсгал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, бизнесийн шинэ загвар, менежменттэй танилцах давуу талтай юм..


Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас авах боломжтой.

Холбоотой мэдээ