Сэлэнгэ аймгийг “эрүүл бүс” болгох санал боловсруулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-20 18:22:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн коронавируст халдварын 217 тохиолдол бүгд бүрэн эдгэрсэн. Иймээс Сэлэнгэ аймгийг эрүүл бүс” болгоход ДЭМБ-аас барьж буй чиглэл, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн аймгийн Онцгой комиссоос санал боловсруулахаар болжээ.

Өнөөдөр болсон Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ажлын багийн дарга нарын ээлжит хуралдаан дээр Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Бид иргэдээ бодох учиртай. Дархан-Уул аймгаас чөлөөтэй бараагаа татан авдаг, дамжин өнгөрдөг, зорчоод ирдэг байх хэрэгтэй. Иймд бид “Эрүүл бүс”-ээ баталгаажуулах нь чухал байна. Одоо иргэдээсээ эхлээд бүгд хариуцлагаа өндөржүүлж, илүү их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болоод байна. Бид энгийн үед биш өндөржүүлсэн бэлэн байдын зэрэгт шилжин ажиллаж байгаа гэдгээ ямагт санаж, хаа хаанаа хариуцлагаа өндөржүүл. Одоо бид үр дүнгээ хамгаалах нь л чухал байна” гэв. Тэрээр хурлын үеэр аймгийн хэмжээний бүх аж ахуйн нэгж, байгууллагууд QR кодыг заавал нааж, үйлчлүүлэгч бүрийг уншуулж хэвшүүлэхийг чиглэл болголоо. Түүнчлэн тэргүүн эгнээнд ажиллаж буй зарим байгууллагуудад халуун хэмжигч, гар халдваргүйжүүлэгчийг энэ үеэр өглөө.

 

Холбоотой мэдээ