Б.Болорчулуун: Цэвдэгшил бол амьдралын нэгэн эх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-17 23:10:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Болорчулуунтай ярилцлаа.


-Манай аймагт Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар гэсэн тусгай хамгаалалттай нутаг хоёр байдаг. Танай газрын онцлог юу байдаг вэ?

- Манай хамгаалалтын захиргаа нийтдээ 611 мянган га талбайг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Дархан цаазат газар гэдэг бол байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг тэр чигээр нь байгалийн өөрийнх нь зүй тогтлоор хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Тусгайлсан чиг үүргийн хувьд нэгдүгээрт мод, хоёрдугаарт ус, гуравдугаарт хамгийн үнэтэй нь буюу цэвдэгшлийг хамгаалдаг. Уул, ус, ургамал амьтан бол ус нараар тэжээгддэг. Үүний гол эх үндэс бол цэвдэгшил. Цэвдэгшил байж ой мод, ургамал ургана.

Нийтдээ Монголын ойн сангийн 3,2 хувь, Булган аймгийн ойн сангийн 32,0 хувь байдаг. Энэ бол бага тоо биш. Манай хариуцсан хэсгийн 90 хувь нь ой мод.

-Дархан цаазат бүсэд ямар сумын нутаг илүү хамрагддаг вэ?

- Ер нь хамгийн их газар нутгийг Тэшиг сум буюу манай хамгаалалтын 611,0 мянган га газрын 50,0 хувийг эзэлдэг. Дараа нь Сэлэнгэ суманд 240 мянган га байна. Хутаг-Өндөр сумын Хантай багийн 50-иад мянган га хамрагддаг.

- Газар нутгийг тусгай хамгаалалтад оруулах нь учир шалтгаантай байх.

- Тусгай хамгаалалтад биологийн төрөл зүйлээс нь шалтгаалаад л оруулаад байгаа юм. Тэнд самар ургадаг уу, Дэлхий дээр ховор жодоо мод байдаг уу, хэр зэрэг цэвдэгшилтэй, ямар төрлийн ховор ургамал ургадаг вэ гэдгийг харж л хамгаалалтад авна. Түүнээс биш модтой газар болгоныг хамгаалалтад авдаггүй. Тусгай хамгаалалттай газарт орон нутгаасаа оруулна гэдэг ирээдүйдээ хэрэгтэй нэг алхам хийлээ гэж бодох хэрэгтэй.

Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд гол ярьж байгаа зүйл бол тусгай хамгаалалттай газрууд буюу хил орчмын бүс, ойн сан бүхий газар нутгаа ямар нэгэн байдлаар гэмтээсэн бол нөхөн сэргээе, байгаагаа цаашид хамгаалан судалж яаж хүний буруутай үйл ажиллагаанаас хамгаалах вэ, яаж түүнээс урьдчилан сэргийлэх вэ гэдэг л байгаа. Энэ ажлын тусгайлсан чиг үүргийг биелүүлэхийн тулд манай байгууллага 10 жил зүтгэж байна.

Бүтээлийн нуруу, Зэдийн нуруу, Хантайн нурууны салбар уулсууд юм. Эндээс тусгай хамгаалалттай газар дээгүүр урсах дөрвөн том гол эх авч байна. Азаргын гол буюу Зэлтэрийн голын эх, Төмрөн, Эрэн, Тавтын гол эх аван урсаж, Эгийн гол, Сэлэнгийн мөрөнд цутгаж байгаа юм. Энэ бол цэвдэгшил буюу газар доорх мөсний үр шим юм. Тэр мөс маань энэ байгаль дээрх бүх хүн мал, өвс ургамлыг тэжээж тэнцвэрийг хадгалж байгаа хамгийн үнэтэй зүйл юм.

Энэ цэвдэгшил байхгүй бол дэлхий ертөнц элс болно гэсэн үг.

            - Цэвдэгшилтэй газар нутгийн онцлог гэж байна уу?

- Ой хөвчид долдугаар сард газрыг 40 сантиметр ухаад л мөс гарч ирдэг. Энэ чинь л бидний амьсгалах агаар, уух ус, бүх зүйл тэр доороос эхтэй л гэсэн үг. Энийг л Монгол Улс стратегийнхаа ач холбогдлоор хамгаалж байна гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

            - Байгаль хамгаалагчид гэж амралт гэдгийг мэддэггүй хүмүүс байдаг. Танайхан мөн адил байх аа.

- Тусгайлсан чиг үүрэг бүхий энэ байгууллагууд албан хаагч нар яаж үүргээ гүйцэтгэдэг талаар бол манай орчны бүс мэдэх хүмүүс бол мэднэ. Өвөл, зун, хавар, намар гэлтгүй хүлээсэн үүрэгтээ үнэнч, үүрэг хүлээсэн цэргийн албан хаагч хилчид шиг ажилладаг.

Бидний хамгийн чухал зэвсэг бол байгалиа хамгаална гэсэн сэтгэл байдаг. Хамгийн дотны туслагч морь. Мориор л өвөл, зуны аль ч цагт ажил үүргээ гүйцэтгэдэг. Мөн хамтран ажилладаг байгууллагууд, ухамсарт иргэд байдаг.

Манай хамгийн их хүн хүч, цаг зав зарцуулдаг асуудал бол гал түймэр. Ой хээрийн түймэрт л хамгийн их зардал гаргаж ажилладаг. Сүүлийн хэдэн жил хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй түймрийн гаралт харьцангуй багасаж байна. Гэхдээ тодорхой хэмжээнд байгаа.             

            -Хулгайн ангийн хувьд?

- Хулгайн ан бол тодорхой улирлын чанартай намар болон хаварт гардаг. Хэрэглээний түвшинд буюу эрүүл мэндийн дам яриа болон хятадууд их авдаг гэсэн сэдлээр хулгайн ан олширсон.

            - Дархан цаазат газрын талаар судалгааны ажил хийж байна уу?

- Байгаль хамгаална гэдэг нь түүнийг хамгаалахаас гадна судлах нь маш чухал. Арван жилийн өмнө энэ ой ямар байсан, хэдэн тооны амьтан байсан, одоо ямар болсон, ой мод яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг л бид харуулахыг зорьж байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар ямар ямар эерэг болон сөрөг үзүүлэлт гарсан байна гэдгийг дүгнэнэ. Эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Эрдэмтэн, докторуудыг урьж авчирч нутгийн хүмүүстэй уулзуулна.

Монгол оронд 1989 оны судалгаагаар 3500 төрлийн ургамал ургаж байна гэж үзэж байсан. 2018 оны судалгаагаар 1500 гаруй төрлийн ургамал ургаж байгаа.

- Аялагчдын зам “шилэн мөртэй” байгаад байх шиг санагддаг. Та нарт архины шил, пиво, ундааны сав тааралдана биз.

- Бид нар 40 километр явахад найман шуудай архины шил түүдэг. Ер нь бол байгаль хамгаалагч нэртэй хог түүдэг ажлыг л их хийдэг дээ. Монголчууд хамгийн их байгалиас хамааралтай ард түмэн шүү дээ. Өвс ургахгүй бол малгүй, мал байхгүй бол малчид маань яаж амьдрах юм бэ? Уг нь байгаль дэлхийг хамгийн их хамгаалах ёстой, хүссэн хүсээгүй өөрөө байгаль хамгаалагч байх ёстой хүмүүс маань малчид шүү дээ.

“Хандлагаа өөрчилье” гэдэг уриалгыг манай яам 2016 оноос хойш хэрэгжүүлээд явж байна. Ер нь их нөлөөтэй байгаа. Байгаль дэлхийгээ хамгаалж байгаа өдөр, шөнөгүй бидэнтэй яг адилхан үүрэг гүйцэтгээд явж байгаа сайхан сэтгэлтэй нутгийн ард иргэд цөөнгүй байдаг, хамтарч ажилладагт нь баярладаг.

            - Байгалийг хамгаалахаас гадна ашиглана биз?

- Ой модыг ургуулах, хамгаалах нь зүй ёсны мөн боловч хажуугаар нь цэвэрлэх хэрэгтэй. Байгалийн хүчин зүйл, салхиар унасан унианги их мод, хог хаягдлыг бид нар цэвэрлэх нь ногоо тарихад зэрлэгийг нь түүдэгтэй адил. Тэгэхлээр зүй ёсны ашиглалт цэвэрлэгээ байх ёстой. Тэгэхгүйгээр байгалийг хамгаална гэдэг бол бас нэг талдаа сөрөг үзэгдэл болж хувираад байгаагийн нэг илрэл нь энэ юм.

             Монгол Улсын хэмжээнд нэрс, үхрийн нүд, улаалзгана түүгээд орон нутагт орлого оруулж байсан тохиолдол ер нь урьд нь байсан эсэхийг мэдэхгүй. 2017 оноос эхлээд байгалийн нөөц ашигласны орлогыг оруулдаг болсон. Орон нутагт бол бага гэлтгүй хөрөнгө орж л байгаа. Самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл өгдөг. Нийтдээ 3 суманд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүсэн самраас ойролцоогоор 700 орчим сая төгрөгийн орлого оруулсан. Энэ бол байгалийн нөхөн сэргээгдэх баялгаас үүссэн орлого гэсэн үг. Тэгэхлээр үүнийг орон нутгийн ард иргэд маань зөв хуваарилах хэрэгтэй.

            -Сэлэнгэ сум самрын орлогоор байшин барьсан бил үү?

- Тийм. Хүүхэд залуучуудын хөгжлийн урлаг, спортын цогцолбор барьсны 500-гаад сая төгрөг нь самрын орлого байсан.

Нэг буруу тогтолцоог өөрчилмөөр байна.

- Ямар?

- Ойг огтолж төсвийн алдагдлыг нөхдөг байдлыг өөрчилмөөр байгаа юм. Үүнийг л болимоор байна.

Яагаад болих хэрэгтэй вэ гэхээр модгүй аймаг, сум яаж төсвөө бүрдүүлээд болоод байна. Говийн аймаг огтлох гээд мод байхгүй шүү дээ. Тэгэхлээр энийг манай аймаг болимоор байна. Ногоон ой огтолж төсвийн орлого бүрдүүлнэ гэдэг бол хамгийн том тэнэглэл.

Шинэ зууны хүмүүс, удирдагч нар үүнийг л болих хэрэгтэй. Үүнийг хийж чадвал манай Булганыхан аймгаараа урагшаа нэг алхана л гэсэн үг. Байшин барих модыг огтлуулмааргүй байна. Унасан байгаа хэвтээ модыг авч, ойгоо цэвэрлээд, модны хэрэгцээгээ нөхмөөр санагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ