Гэрийн ажиглалтын хугацаагаа дуусгаагүй жолооч нарын QR кодыг хураана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-14 15:26:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүнс тээвэрлэж ирсэн жолооч долоо хоног гэрийн ажиглалтад байх заалтыг зөрчиж тээвэрт явсан бол QR кодыг хураан авч тээвэрлэлт хийлгэхгүй байх журам аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байна.

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй нэвтрэх үйлдэл хийсэн дөрвөн тохиолдлыг аймгийн Цагдаагийн газраас илрүүлж, зөрчлийн тухай арга хэмжээ авчээ.

Эвт, Номин, 99 худалдааны төвүүд болон албан байгууллага, ААН-үүдэд QR байршуулах ажил үргэлжилж байна. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 2971 хүнийг оношилгоонд хамруулжээ. Үүнээс түргэвчилсэн оношлуураар 3 хүний хариу эерэг гарч ХӨСҮТ-д шинжлүүлэхэд сөрөг гарсан аж. Одоогоор гэрийн ажиглалтаас гурван иргэн гарч, 14 нэмэгдсэн, аймгийн хэмжээнд 1630 иргэн гэрийн ажиглалтад байгааг Шуурхай штабаас мэдэгдлээ.

 

Коронавирусний голомтот бүс буюу Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм суларч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх ажлыг зохион байгуулахыг Засаг дарга үүрэг болгов. Мөн Хэрлэн сумаас гаргасан “Хот хоорондын хүнсний тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ийн хэрэгжилтийг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад санууллаа. 

Холбоотой мэдээ