Шүүгч онцгой нөхцөлийн 35 хувийн нэмэгдэл авна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-13 20:27:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Ажлын баг холбогдох зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж боловсруулжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах саналыг тус тус гаргажээ. Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шилжүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсон. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд зарим зүйлийг тодруулж, хариулт мэдээлэл авав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэвэрийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтыг чуулганы анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжээгүй. Ажлын баг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр шүүгч нарын зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Ингээд хэлэлцүүлгийг явцад бие даасан институтийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага үүссэн талаар ажлын багийн ахлагч Б.Энхбаяр гишүүн тайлбарлалаа. Ингээд төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн 35 хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан гэв.


Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Төслийн 4 дүгээр зүйлд “Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай асуудлыг болон Засгийн газрын улс төрийн шийдвэрийг хянан хэлэлцэхгүй” гэсэн агуулга бүхий 4.2 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Төслийн 25 дугаар зүйлд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэсэн агуулгатай 25.8.8 хэсэг нэмэхийг гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргахад гишүүдийн олонх буюу 91.7 хувь нь дэмжлээ. Иймд холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив. 


Мөн хуралдаанаар хуулийн төсөлтэй дагалдуулан боловсруулсан “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын багаас хариулт мэдээлэл авав. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ