Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-12 18:09:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун өмнө зүгт 26км-т төвтэй, 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн тул далайн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас онцгойлон анхааруулж байна. 

Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд  Хадан хүй орчимд хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ. Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.


Холбоотой мэдээ