Зэрлэг амьтдад өвс тэжээл хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-12 18:19:45

Завхан/МОНЦАМЭ/. Энэ өвөл цас ихтэй, хүйтний эрч эрс нэмэгдсэний улмаас зэрлэг амьтдын идэш тэжээл ховордож байгаа учраас тэдгээр амьтдад өвс, хужир тавьж өгөх ажлыг зохион байгуулжээ.

-“Зэрлэг амьтдыг хамгаалах, тэтгэх зорилготой тус арга хэмжээг Отгон  сумын Бор хавцал нэртэй орон нутгийн тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад зориулан сумын ЗДТГ-тай хамтран зохион явууллаа. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болох Бор хавцалд 20 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдгаас ховордлын зэрэг өндөртэй аргаль угалз, янгир ямаа нь гол түлхүүр зүйлүүд юм. Тус түлхүүр зүйлүүдэд хулгайн ан, бэлчээрийн давхцал, доройтол зэрэг хүний хүчин зүйлээс шалтгаалсан бэрхшээл тулгардаг. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган зудтай жилүүдэд идэш тэжээлийн хомсдолд орж үхэж үрэгдэх явдал их ажиглагдах болсон.

Тиймээс Бор хавцал Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийн гол зорилго болох эдгээр зэрлэг амьтдын гол байршил нутгуудад 20 боодол өвс, 500 кг хужир тавих ажлыг амжилттай зохион байгууллаа. Манай төрийн бус байгууллага нь зэрлэг амьтдыг хамгаалах, тэтгэх ажлыг 2016 оноос хойш орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад зохион байгуулсаар ирсэн. Жил бүр бид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад тус ажлыг хамтран хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна” гэж "Отгон-Бор хавцал" ТББ-аас мэдээлэв. 




Холбоотой мэдээ