Батноров сумыг “Жишиг сум” болгохоор төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-05 22:04:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас Батноров сумыг шинэ сум төсөлд хамруулах шийдвэр гаргаснаар нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж барих ажил эрчимтэй өрнөжээ.

Одоогоор ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай явж байгаа бол 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилгын суурийн ажлыг хийж дууссан байна. Мөн түүхэн аялал жуулчлалын хүрээнд барьж буй Андлалын өргөөний ажил тодорхой түвшинд өрнөж, автомашины зогсоол, эрчим хүчний шугам татах ажлуудыг амжилттай хийсэн талаар тус сумын Засаг дарга Д.Жамбаа мэдээллээ.

Тэрээр цааш хэлэхдээ сумын эдийн засгийн бааз суурь болсон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангагдаж анх удаа сумын хэмжээнд ногоон тэжээл тариалан, арвин их ургац хураан авч сумын болон зэргэлдээх сум багийн малчдын хэрэгцээнд нийлүүлснээ дуулгалаа.

 

Хэдийгээр дэлхий даяар цар тахлын аюулд нэрвэгдэж үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэм соёлын олон үйл ажиллагаа тасалдсан ч иргэдийнхээ ухамсар, сахилга, дэг журам, зохион байгуулалтын үр дүнд хамтын хүчээр бэрхшээлийг амжилттай даван туулж ирсэн иргэддээ талархаж байна гэв.

 

Монгол Улсын Засгийн газар тус сумыг улсын “Жишиг сум” болгохоор дэмжиж байгаад Батноровынхон урам орж, сумаа Монгол Улсын Тэргүүний сум болгох зорилтыг шинэ онд дэвшүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ