Зуншлага тааруу байгаагаас малчид отор нүүдэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-03 07:09:08

Өвөрхангай аймгийн нийт нутгийн хэмжээнд зуншлага 50 хувьтай байна. Зарим сумдад зуншлага тааруу байгаагаас малчид отор нүүдэл хийж байна.

Хархорин, Хужирт, Бүрд, Есөнзүйл, Өлзийт зэрэг хангайн бүсийн сумдууд зуншлага сайтай байгаа бол Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл зэрэг говийн болон баруун бүсийн сумдын нутаг чийг дутагдснаас зуншлага тааруу байж, 200 гаруй малчин өрх 150 мянган малтайгаар хойд сумдууд руу отор нүүдэл хийжээ.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас говийн бүсэд хур тунадас оруулах зорилгоор үүлэнд нөлөөлөх ажиллагааг явуулж байгаа хэдий ч үүл хуралдах боломжгүй, салхи ихтэй байгаагаас төдийлөн үр дүн гарахгүй байгаа ажээ.

6 сарын 1-ний өдрийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд мал төллөлт 85 хувьтай байгаа ба 1557,3 мянган эх мал төллөж, 1543,4 мянган төл бойжиж байна.

Үүнээс 3.7 мянган ботго, 38.6 мянган унага, 49.1 мянган тугал, 778.1 мянган хурга, 673.8 мянган ишиг төллөж, төл бойжилт 99 хувьтай байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ