Эмч, мэргэжилтнүүдэд аймгийн Засаг даргын урамшууллыг олголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-31 17:18:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онцгой хүнд тохиолдолд хүний амь аварсан эмч, мэргэжилтнүүдэд аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулал олголоо.

БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ, хагалгааны тасаг, Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нярайн баг, Уянга сумын ЭМТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олон энэхүү урамшуулалд хамрагдаж, 1-1.5 сая төгрөгийн дэмжлэгийг гардан аваад байна. Мөн нэн шаардлагатай, дутагдалтай байгаа зарим нарийн мэргэшлийн 12 эмч, мэргэжилтэнд тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгосон бол сумын ЭМТ-тэй гэрээ байгуулан суралцаж буй сувилагч нарт сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.

Аймгийн Засаг даргын 2020 оны А/09 дүгээр захирамжаар онцгой хүнд тохиолдолд мэдлэг ур чадвараа дайчлан хүний амь аварсан эмч, мэргэжилтнүүдийн багт олгох урамшуулал, нэн шаардлагатай, дутагдалтай байгаа зарим нарийн мэргэшлийн эмч, мэргэжилтэнд олгох урамшууллыг тус тус баталсан ба энэ жил 92 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд урамшууллыг олгоод байна.

Холбоотой мэдээ