Монгол, Казахстаны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бололцоо дүүрэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2020-12-28 20:32:32

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Ж.АДИЛБАЕВЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ДЭВШҮҮЛЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ


          ЭРХЭМ НӨХӨД ӨӨ!

Монголын нийт ард түмэнд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх завшаан дахин тохиож байгаад гүнээ талархаж байна.

2020 он манай орнуудын хувьд амаргүй жил байлаа. COVID-19 цар тахал бидний амьдралд маш олон төрлийн өөрчлөлт оруулаад зогсохгүй дэлхийн эдийн засагт томоохон сөрөг үр дагавар авчирч, дэлхий нийтээрээ хохирол амсаж байна. Яг энэ үед дэлхийн хамтын нийгэмлэгийн харилцан хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ нь хүн төрөлхтний өмнө тулгарсан чухал цаг үе билээ.

COVID-19 цар тахлын хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа хэдий ч манай орнууд олон талт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, хоёр талт харилцаагаа шинэ шатанд гаргахаар хичээн ажиллаж байгааг тэмдэглэхэд баяртай байна.

Сүүлийн жилүүдэд Казахстан болон Монгол хоорондын яриа хэлэлцээг эрчимтэй хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд хууль эрх зүйн орчинг өргөжүүлэх ажлууд явагдаж, худалдаа эдийн засгийн харилцаа болон бусад албан харилцаа-холбоо идэвхжиж байна.

Манай хоёр орны ард иргэдийн найрсаг, түншлэлийн харилцааг бид өндрөөр үнэлдэг. Казахстан болон Монголын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх бололцоо нь дүүрэн байгааг дурдахад таатай байна.

Айлчлан ирж буй Шинэ жил бүх гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг авчрах болтугай!

  Та бүхэнд Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

 

Холбоотой мэдээ