212 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Төрийн Аудитын Дундговь дахь салбараас 2020 онд төсвийн
байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээд, төсөл хөтөлбөрийн 212 байгууллагын
санхүүгийн тайланд аудит хийжээ.
Аудитад хамрагдсан байгууллагуудаас 79 байгууллагын санхүүгийн
тайланд бие даасан дүгнэлт гаргаж, 119 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан
шалгаж, 13 байгууллагад итгэл үзүүлж, нэг байгууллага татан буугдсан тул аудит
хийгээгүй байна.
Тус байгууллага нийт 79 байгууллагын санхүүгийн тайланд
дүгнэлт гаргаснаас 72 байгууллагын санхүүгийн тайланд “зөрчилгүй”, таван санхүүгийн тайланд “хязгаарлалттай”,
нэг санхүүгийн тайланд “сөрөг”, мөн нэг санхүүгийн тайланд “дүгнэлт хийхээс
татгалзсан” санал дүгнэлтийг гаргасан аж.
“Хязгаарлалттай” болон “сөрөг” дүгнэлт авсан байгууллагуудын
дарга, нягтлан бодогч нарт хариуцлага тооцуулах албан шаардлага, “санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” нэг байгууллагын даргыг ажлаас чөлөөлүүлэх саналыг эрх
бүхий албан тушаалтанд тус тус хүргүүлжээ.
Санхүүгийн тайлангаар нийт 10,565.0 сая төгрөгийн алдаа,
зөрчил илрүүлснээс аудитын явцад залруулж болох 9,395.3 сая төгрөгийн алдааг
санхүүгийн тайланд залруулж, 1,094.7 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар
хугацаатай албан шаардлага хүргүүлж, хохирлыг нөхөн төлүүлэхээр 69.5 сая
төгрөгийн төлбөрийн акт тогтоон, 2.3 сая төгрөгийн зөрчилд санхүүгийн үйл
ажиллагааг сайжруулах зөвлөмж өгч, өмнөх аудитаар албан шаардлага хүргүүлсэн
зөрчлийг давтсан 3.2 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн
хэмээн тус байгууллага тайландаа тусгасан байна.
Дээрх зөрчлүүдийн 90 хувийг нягтлан бодох бүртгэлийн
алдаа, долоон хувийг хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой зөрчил эзэлж
байгаа ба орлого бүрдүүлэлт, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлтэй холбоотой, арвилан
хэмнэлт, үр ашигтай холбоотой, худалдан авалт, зориулалт бус зарцуулалт, дотоод
хяналт, хариуцлагатай холбоотой асуудлууд байгааг мөн дурджээ.