Улсын хэмжээнд 47 байранд 1877 хүнийг тусгаарлан ажиглаглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-23 13:40:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийж үүрэг гүйцэтгэж байна.

 

Халдваргүйтгэл: Улсын хэмжээнд 47 байранд 1877 хүнийг тусгаарлан ажиглаглаж байна. Өнгөрсөн 24 цагийн /2020.12.22-ны 06:00 цагаас 2020.12.23-ны 06:00 цаг хүртэл/ хугацаанд улсын хэмжээнд 81,473 м2 талбайд хийсэн урьдчилан сэргийлэх ариутгал, 18 объектын 18,455 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавив.

 

Хот хоорондын болон хот доторх нийтийн 282 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 66 төвийн эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт хийж шаардлага хангуулсан байна.

 

Тусгаарлан ажиглах байр: Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байруудад хийж буй хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэмийн бүсийг тэмдэглээгүй, шар бүсэд хамгаалах хувцас тайлах заавар, толь байрлуулаагүй зөрчил илэрч байна. Орон нутагт зорчсон 49.3 мянган иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.

 

Онцлох: Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтаар үйлчлүүлэгч, ажиллагсдын биеийн халуун хэмжсэн бүртгэл хөтлөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа, гарал үүсэл баталгаажилтад хяналт тавьдаггүй, чанар аюулгүй байдлаа алдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлэн, хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг буцаан татуулах, устгах арга хэмжээг авлаа.

 

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 824 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад 753 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, 652 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

 

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал: Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын хяналт шалгалтыг 25 эмнэлэгт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулав.

 

“Ковид-19” шинжилгээ авах цэгийн хяналт: Шинжилгээ авах 11 цэгт 8392 иргэн шинжилгээ өгсөн. Хяналтаар шинжилгээ авах цэгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлттэй холбоотой зөрчил илэрч байна.

 

Ахуйн болон аюултай хог хаягдал: 34 обьектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

 

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 192 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 24 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 4855.8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4799.3 кг хогийг устгасанаас 3097 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1702.3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

 

Хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 65 аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийж 52 зөрчил илрүүлэн 28-ыг нь газар дээр нь арилгуулжээ.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 824 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 753 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, 652 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

 

Хилийн боомт, гүний хяналт: Улсын хилээр нэвтрэн орсон 979 тээврийн хэрэгсэл, 939 жолооч, хилээр гарсан 977 тээврийн хэрэгсэл, 948 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

 

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 31 аж ахуйн нэгжийн 3053.93 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж,  107 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

 

Шалган нэвтрүүлэх товчоо, агаарын чанарын хяналт: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 6879 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 294 улсын байцаагч хяналт тавьж, 15,742 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

 

Тавантолгой түлш ХХК 3931 тн түлш үйлдвэрлэж, 4246 тн түлш борлуулалтад гаргажээ.

 

Ундны ус хангамж, урьдчилан сэргийлэх байгууламж:  4 обьектын ундны усны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 13 дээж шинжилгээнд авсан.

 

Лабораторийн шинжилгээ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 623 дээж шинжилгээнд ирж, 603 дээжийн шинжилгээний хариу гарчээ.

Холбоотой мэдээ