Монгол Улсад үр тариа нийлүүлэх боломжийн талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-23 11:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Оросын үр тарианы холбоо (Российский зерновой союз)-ны Хөгжил, эрх ашиг хамгаалах газрын захирал М.С. Головин, Техникийн зохицуулалтын хэлтсийн дарга  Р.Х. Хайретдинов нартай уулзав.


ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор үр тарианы экспортод ирэх оны 2 дугаар сарын 15-наас  6 дугаар  сарын 30 хүртэл экспортын квот (17,5 сая тонн) тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн үнийн 50 хувьтай тэнцэх татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Уулзалтаар ирэх онд улаанбуудайн экспортын төлөв байдал, олдоц, үнэ тариф  ямар байх талаар тодруулан ярилцаж, Монгол Улсад ОХУ-ын тодорхой бүс нутгуудаас  хүнсний улаанбуудай нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


Оросын үр тарианы  холбоо 1994 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийнх нь 50-иас дээш хувийг үр тариа үйлдвэрлэгчид, үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг. Тус холбооны гишүүн компаниуд Оросын үр тарианы үйлдвэрлэлийн 20 орчим хувь, гурил, малын тэжээлийн 50-аас дээш хувь, үр тарианы зах зээлийн эргэлтийн 3/2, үр тарианы экспортын 90-ээс дээш хувийг хянадаг байна.

Холбоотой мэдээ