Монгол, Куба улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн маркийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-22 15:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны яаманд Монгол, Куба улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан шуудангийн марк танилцуулах ёслол энэ сарын 21-нд болов.


Ёслолд Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг, Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррияа, Гадаад хэргийн дэд сайд Анаяанси Родригес, Кубын Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Мариа Ёланда Гомес болон БНХАУ, ОХУ, Турк, Чили, Лаос, Коста-Рика, Никарагуа улсаас тус улсад суугаа Элчин сайд нар оролцов.


Гадаад хэргийн дэд сайд Анаяанси Родригес ёслолыг нээж хэлэхдээ, Куба нь Монгол Улстай явуулж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын дээд, өндөр түвшний түүхэн айлчлалуудыг онцлон тэмдэглэхийн сацуу хоёр талын хамтын ажиллагаа эрүүл мэнд, биотехнологи, спорт, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт идэвхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Элчин сайд Ш.Батцэцэг нэгэн жарны баялаг түүхийг бүтээлцсэн хоёр орны ард түмэн, дипломатуудын хичээл зүтгэлийг үнэлж баршгүй бөгөөд хамтын амжилт бүтээлээр нэгэн жарныг үдэж, дараагийн жарны түүхийг хамтран бүтээлцэхээр зогсож байна хэмээгээд хоёр орны харилцааг улам тэлсэн бодитой ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа дурдаад, Кубын ард түмэнд дипломат харилцааны 60 жилийн ойн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөв.


Ёслолын үеэр Гадаад хэргийн сайд Бруно Родригес, Элчин сайд Ш.Батцэцэг нар 60 жилийн ойд зориулсан шуудангийн марк бүхий дугтуйнд гарын үсэг зурж, Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Банкнаас 2018 онд гаргасан Дэлхийн хувьсгалчдын цувралын нэг болох 999-ийн алтан сорьцтой Фидель Кастро болон Че Гевара нарын зоосон мөнгөний хуулбар зургийг гардуулав.

Холбоотой мэдээ