ИНЕГ үйл ажиллагаандаа тоон гарын үсэг ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-22 14:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газар энэ сарын 21-нээс тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.


ЗТХ-ийн сайдын тушаалаар төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс тоон гарын үсэгт шилжүүлэн, цахимаар мэдээлэл солилцож байхаар болсон билээ.


Зам, тээврийн салбар дотроос ИНЕГ түүчээлэн яам болон харьяа байгууллага хооронд тоон гарын үсэг ашиглан, цахимаар албан бичиг солилцох боломжтой болов.


ИНЕГ-ын харьяа газар, алба нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, албан бичгийн төсөл, өргөдөл гомдол, дижитал өгөгдөл мэдээллийг цахимаар хялбар солилцох бөгөөд өөрийн онцлогт тохируулан, системийг хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан хөгжүүлэхэд хялбар болох аж.


Цаашлаад гар утсаараа тоон гарын үсэг ашиглах системийн хөгжүүлэлт, интеграци хийж байгаа. Удахгүй цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр хаанаас ч гарын үсгийг гар утсаараа зурах боломжтой болохыг ИНЕГ-ын хэвлэлийн алба мэдээлэв.


Ингэснээр цаас болон хэвлэх төхөөрөмжийн хор зэрэг урсгал зардлаас гадна хол байршилтай байгууллага хооронд бичиг хүргэх тээвэрлэх цаг хугацаа, хүний үйл ажиллагааны зардлыг хэмнэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ